

Дэлхийн хөгжмийн зах зээлд хүч түрэн орж ирсэн "Katseye" хамтлагийн гишүүд өөрсдийн өвөрмөц дүр төрхөөрөө залуусыг байлдан дагуулж байна. Тэдний дундаас өөртөө итгэлтэй байдал, тайзны эрч хүчээрээ ялгардаг гишүүн бол Меган юм. Ингээд түүний тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
МЕГАНЫ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Бүтэн нэр: Megan Meiyok Skiendiel
Төрсөн өдөр: 2006.02.10 (Хумхын орд)
Төрсөн газар: АНУ, Хавай, Хонолулу
Үндэс угсаа: Хятад-Сингапур + Швед гаралтай
Өндөр: 169 см
Сошиал хаяг: @meganskiendiel
Megan бол дуучин, бүжигчин, жүжигчин гурван төрлийн авьяасыг нэг дор цогцлоосон шинэ үеийн артист юм. Тэрээр 2023 онд The Debut: Dream Academy шоугаар дамжин байгуулагдсан KATSEYE хамтлагийн гишүүн болж, богино хугацаанд олон улсын анхаарлыг татаж чадсан.
ТЭР БОЛ ОЛОН СОЁЛЫН НЭГДЭЛ

Megan АНУ-ын Хавай мужийн Хонолулуд төрсөн ч түүний угсаа гарал жинхэнэ олон улсын холимог. Ээж нь Хятад-Сингапур гаралтай бол аав нь Литва, Швед, Герман, Ирланд, Шотланд, Англи гаралтай. Түүний Хятад нэр болох “Meiyok” (美玉) нь “сайхан хаш чулуу” гэсэн утгатай бөгөөд энэ нь түүний эмзэг хэрнээ хүчирхэг дүр төрхийг илэрхийлэх мэт. Тэр нэг ахтай бөгөөд гэр бүлийнхээ дэмжлэг дор энгийн орчинд өссөн ч багаасаа урлагийн замд хөл тавьжээ.
Сонирхолтой нь Megan нэг настайгаасаа бүжиглэж эхэлсэн бөгөөд зургаан настайдаа дуулах урлагт суралцаж эхэлсэн байна. Англиас гадна бага зэрэг кантон хэл, франц хэлээр ярьдаг нь түүний олон улсын карьерын давуу тал болж өгдөг.
КАМЕРЫН ӨМНӨХ АНХНЫ АЛХМУУД
KATSEYE-д нэгдэхээсээ өмнө Megan аль хэдийн энтертэйнмэнт салбарт хөл тавьсан байсан. Тэр хүүхдийн жүжигчин, модель хийж, телевизийн бүтээлүүдэд жижиг дүрүүд бүтээж байжээ. Тухайлбал, Sydney to the Max болон Bosch: Legacy зэрэг цувралуудад оролцож, богино хэмжээний кинонд тоглосон төдийгүй Jurassic World кинонд ч нэр дурдагдаагүй жижиг дүр бүтээж байсан түүхтэй. Мөн тэр Парис, Лос Анжелесийн загварын долоо хоногт алхаж, томоохон брэндүүдийн сурталчилгаанд оролцож байсан нь түүний камерын өмнөх туршлагыг улам баяжуулжээ.
СОРИЛТ, БОДИТ БАЙДАЛ, ЗОРИГ
Тэр багадаа дислекси (унших бэрхшээл), псориаз (арьсны өвчин), мөн чихрийн шижингийн эрсдэлтэй байсан тухайгаа нээлттэй ярьж байсан. Эдгээр шалтгааны улмаас бага ангиасаа онлайн хэлбэрээр суралцаж байжээ. Мөн тэр шанцай, муур, өвснөөс харшилтай бөгөөд сколиозтой гэдгээ ч илэн далангүй хуваалцдаг. Харин энэ бүхнийг сул тал биш, харин өөрийгөө хүлээн зөвшөөрөх шалтгаан гэж үздэг нь түүнийг илүү онцгой болгодог.
ӨӨРИЙГӨӨ ИЛЭРХИЙЛЭХ ШИНЭ ҮЕ

2025 оны зургаадугаар сарын 6-нд Megan өөрийгөө бисексуал гэдгээ олон нийтэд зарласан нь поп соёлын хувьд нэлээд зоригтой алхам болсон. Тэр энэ тухайгаа Weverse платформ дээрх лайваар хамтлагийн гишүүн Lara Raj-тайгаа хамт хуваалцсан юм.
Түүний энэ шийдвэр нь зөвхөн өөрийнх нь төдийгүй олон залууст өөрийгөө нуухгүй байх урам зориг өгсөн үйл явдал болсон.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!