Энэ сард үзэх арван шинэ к-драма


С.Оюундарь | YOLO.MN
ӨЧИГДӨР

Хаврын улирлыг дагаад хайр ирдэг гэдэг шиг дөрвөн сарыг дагаад шинэхэн к-драманууд ар ардаасаа цацагдаж эхэлж байна. Хэрвээ танд одоо үзэх сонирхол татсан кино байхгүй бол доор дурдах кинонуудын жагсаалт дундаас аль нэгийг нь сонгож үзэхийг зөвлөе.

“BLOODHOUNDS 2”

Жүжигчид: Woo Do Hwan, Lee Sang Yi, Rain

Цацагдах өдөр: 04 сарын 03

Цацагдах хуваарь: Бүх анги нь Netflix дээр Солонгосын цагаар 16:00 цагт нэгэн зэрэг цацагдсан.

Bloodhounds нь мөнгө олохын тулд мөнгө хүүлэгчдийн ертөнцөд хөл тавьсан ч уг ертөнцөөс ч хар бараан хүчний сүлжээнд татагдан ордог хүмүүсийн тухай action noir бүтээл юм.

Эхний бүлэгт Гон Ү болон Ү Жин нар мөнгө хүүлэгчдийн бүлгийг устгасан ч тэдний энэхүү зоримог үйлдэл ардаасаа илүү том аюул, үр дагаврыг дагуулна. Хоёрдугаар бүлэгт тэдний тэмцэл үргэлжилж, Бек Жон-оор удирдуулсан дэлхийн нууц боксын лигтэй холбоотой шинэ мөргөлдөөнд татагдан орж илүү аюултай, хүчтэй дайснуудтай тулгарна.

“PERFECT CROWN”

Жүжигчид: IU, Byeon Woo Seok, Noh Sang Hyun, Gong Seung Yeon, Yoo Su Bin, Lee Yeon

Цацагдах өдөр: 04 сарын 10

Цацагдах хуваарь: Солонгосын цагаар 21:40 цагт MBC телевизээр долоо хоног бүрийн баасан, бямба гаргуудад

Perfect Crown нь хэрвээ орчин үед Солонгос улс үндсэн хуульт хаант засаглалтай байсан бол хэрхэх байсан тухай өгүүлдэг төсөөллийн хэв маягтай кино юм.

Үйл явдлын хувьд маш баян, хүчирхэг бизнесийн гэр бүлээс гаралтай боловч нийгмийн статусаараа жирийн иргэн гэж тооцогддог chaebol-ийн өв залгамжлагч Сон Хи Жу болон хааны хүү боловч хөрөнгө мөнгө, нөлөө багатай угсаа залгамжлагч ханхүү Иан хоёрын хайр дурлалын түүхийг өгүүлж, эд баялаг ба хааны статусын зөрчил, нийгмийн давхаргын ялгаа, эрх мэдэл, ангийн хил хязгаарыг давсан харилцаан гэх мэт сэдвүүдийг хөнддөг.

“YUMI’S CELLS 3”

Жүжигчид: Kim Go Eun, Kim Jae Won

Цацагдах өдөр: 04 сарын 13

Цацагдах хуваарь: Солонгосын цагаар 20:50 цагт tvN телевизээр Даваа, Мягмар гаргуудад гарах бөгөөд Viki дээр даваа гараг бүр хоёр анги орно.

Yumi’s Cells нь энгийн нэг оффисын ажилчин болох Юмигийн амьдралын түүхийг харуулдаг ч тэрхүү түүхийг бид Юмигийн харах өнцгөөс бус харин түүний бодол, мэдрэмж, болон үйлдлийг удирддаг тархины эсүүдийн өнцгөөс харах боломжтой гэдгээрээ онцлогтой.

Цаг хугацааны явцад Юмигийн амьдрал сайжирч явсаар тэрбээр киноны гуравдугаар бүлэгт алдартай зохиолч болж чадсан нь түүнийг ажил мэргэжил болон сэтгэл зүйн хувьд өсөж дэвшсэн гэдгийг илтгэж байгаа юм.

Мэдээж үүнээс цааш Юмигийн амьдрал үргэлжлэх ёстой бөгөөд тэрээр өөрийнх нь амьдралд өөрчлөлт болон сорилтыг авчирч, эцэстээ түүнийг хайр дурлалын шинэхэн мэдрэмжид умбуулах Сүн Роктой учрах болно.

“ABSOLUTE VALUE OF ROMANCE”

Жүжигчид: Kim Hyang Gi, Cha Hak Yeon, Kim Jae Hyun, Sohn Jeong Hyuck, Kim Dong Gyu

Цацагдах өдөр: 04 сарын 17

Цацагдах хуваарь: Солонгос цагаар 20:00 цагт Coupang Play дээр долоо хоног бүрийн баасан гарагт

Absolute Value of Romance нь ахлах сургуулийн сурагч болох Ё Эү Жу-ийн талаар өгүүлэх бөгөөд тэрээр нууцаар өөрийн эрэгтэй царайлаг багш нарыгаа гол дүр болгосон BL бичвэр бичдэг. Гэсэн ч тэрээр багш нартайгаа бодит амьдрал дээр гэнэтийн, санамсаргүй байдлаар олонтоо тааралдах болсноор түүний амар тайван үргэлжилж байсан сургуулийн амьдрал үймээн самуунаар дүүрнэ.

“WE ARE ALL TRYING HERE”

Жүжигчид: Koo Kyo Hwan, Go Youn Jung, Oh Jung Se

Цацагдах өдөр: 04 сарын 18

Цацагдах хуваарь: Бямба гаргуудад Солонгосын цагаар 22:40, ням гаргуудын 22:30 цагт JTBC сувгаар цацагдана

We Are All Trying Here нь найзууд нь бүгд амжилттай байхад амьдрал нь бүтэлгүй яваа цорын ганц хүн өөрөө гэж итгэдэг Хван Дон Ман (Koo Kyo-hwan)-ы тухай өгүүлдэг. Тэрээр дотоод шаналал, атаа жөтөө, хорсолдоо автан тайвшралыг эрэлхийлсэн аялалд гарна.

Аяллынхаа туршид тэр өөрийнхөө дотоод айдас, эргэлзээ болон амьдралын хүндхэн дарамтуудтай нүүр тулж, эцэст нь хүн бүр өөр өөрийн гэсэн бэрхшээлтэй байдгийг ойлгон, амжилт гэдэг нь гаднаас харагддаг шиг энгийн биш, илүү төвөгтэй бөгөөд тодорхойгүй зүйл болохыг аажмаар ухаарна.

“THE SCARECROW”

Жүжигчид: Park Hae Soo, Lee Hee Joon, Kwak Sun Young

Цацагдах өдөр: 04 сарын 20

Цацагдах хуваарь: Даваа болон мягмар гаргуудад Солонгосын цагаар 20:00 цагт ENA болон Viki дээр гарна

The Scarecrow нь мөрдөгч Кан Тэ Жу-гийн тухай өгүүлдэг бөгөөд тэрээр улам бүр төвөгтэй, тайлагдахад бэрх нууцлаг аллагуудын цувралыг мөрдөн шалгах үүрэг авна. Хэрэг өрнөх явцад тэр өөрт нь дургүй прокурор Ча Си Ён-той хүссэн хүсээгүй хамтарч ажиллахаар болдог.

Кино нь 1988 ба 2019 он гэсэн хоёр цаг хугацаанд өрнөж, өнгөрсөн ба одоо хооронд шилжин, нуугдмал холбоосууд, олон жилийн өмнөх нууцууд, тэдний мөрдөн шалгаж буй хэргийн гарал үүслийг аажмаар ил болгодог.

30 жилийн хугацаанд өрнөх мөрдөн шалгалтын явцад тэдний хэрэг нь зөвхөн алуурчныг олох эрэл биш, харин өөрсдийн өнгөрсөнтэй нүүр тулах үйл явц болон хувирна.

“SOLD OUT ON YOU”

Жүжигчид: Ahn Hyo Seop, Chae Won Bin, Kim Bum

Цацагдах өдөр: 04 сарын 22

Цацагдах хуваарь: Лхагва болон Пүрэв гаргуудад Солонгосын цагаар 21:00 цагт SBS дээр гарна

Sold Out on You нь романтик инээдмийн кино бөгөөд хатуу сахилга баттай, төгс төгөлдөрт тэмүүлдэг Мэттью Ли хэмээх залуугийн тухай өгүүлнэ. Тэрээр фермд ажиллахаас гадна амьдралаа авч явахын тулд хэд хэдэн ажил зэрэг хийдэг.

Харин нөгөө талд, олон нийтэд нэртэй, шоу хөтлөгч Дам Ё Жин нь амжилттай хийгээд дутах зүйлгүй нэгэн мэт харагддаг боловч бодит байдал дээр түүний сэтгэл зүйн эрүүл мэнд тун тааруу байдаг нэгэн.

Ийнхүү эсрэг тэсрэг ертөнцөд амьдардаг тэдний амьдрал огтлолцсоноор хөгжилтэй нөхцөл байдал, хүчтэй сэтгэл хөдлөл үүсэн цаг хугацааны эрхэд биесийгээ харах өнцөг нь хэрхэн өөрчлөгдөж буй тухай гардаг.

“IF WISHES COULD KILL”

Жүжигчид: Jeon So Young, Kang Mina, Baek Sun Ho, Hyun Woo Seok, Lee Hyo Je

Цацагдах өдөр: 04 сарын 24

Цацагдах хуваарь: Бүх ангиуд нь Netflix дээр нэгэн зэрэг Солонгосын цагаар 16:00 цагт цацагдана

If Wishes Could Kill нь ахлах сургуулийн хэсэг сурагчдын тухай өгүүлэх аймшгийн цуврал бөгөөд тэд “GIRIGO” хэмээх хүслийг биелүүлэгч нууцлаг апп-д хараалгуулснаар заавал үхэх хувь тавилантай гэдгээ гэнэт олж мэддэг.

Эхэндээ ямар ч гэм хоргүй, бүр хүсэл биелүүлэх хэрэгсэл мэт санагдах энэхүү апп-ийг тэдний хүссэн хүсэл бүртэй холбогдох үхлийн аюулыг ардаасаа дагуулна гэж хэн санах бил ээ. Оюутнууд хараалаас мултрахын тулд цагтай уралдан амьд үлдэхийг хичээх явцдаа аймшигт үйл явдлуудтай тулгарч, уг апп нь тэдний хувь тавиланг удирдаж эсвэл урьдчилан таамаглаж байж магадгүй гэдгийг ойлгож эхэлнэ.

“FALLING FOR LOVE”

Жүжигчид: Shin Hae Sun, Gong Myoung, Kim Jae Wook, Hong Hwa Yeon

Цацагдах хугацаа: 04 сарын 25

Цацагдах хуваарь: Амралтын өдрүүдэд Солонгосын цагаар 21:10 цагт tvN болон Viki дээр гарна

Filing for Love нь оффисын орчинд өрнөх романтик инээдмийн драм бөгөөд Нох Ки Жүн хэмээх өмнө нь том корпорацын аудитын багт шилдэг гишүүн байсан ч дотоод зөрчлийн асуудлыг хариуцдаг доод албан тушаалд шилжсэн эрийн тухай өгүүлнэ. Тэрээр тус багийн хатуу, бага зэрэг этгээд зан төрхтэй удирдагч Жу Ин А-ийн дор ажиллах ёстой болдог.

Зан чанарын хувьд нэгнээсээ эрс тэс ялгаатай хоёрын ажил хэрэг ч зөрчил маргаан дүүрэн байх ч яг л к-драма болгоны өрнөл шиг тэд аажмаар бие биедээ татагдаж эхэлнэ. Гэхдээ Жу Ин А-д бусдаас нууж явдаг нэгэн нууц бий.

“GOLD LAND”

Жүжигчид: Park Bo Young, Kim Sung Cheol, Lee Hyun Wook, Kim Hee Won, Moon Jung Hee, Lee Kwang Soo

Цацагдах хугацаа: 04 сарын 29

Цацагдах хуваарь: Лхагва гараг бүр Disney+ дээр

Gold Land нь олон улсын нисэх онгоцны буудалд аюулгүй байдлын шалгагч хийдэг Хи Жу-гийн тухай өгүүлнэ. Тэрээр гэнэт хууль бус алтны наймаатай холбоотой алтан гулдмайнуудыг олж авснаар түүний жирийн амьдрал аюултай, өндөр эрсдэлд унадаг.

Алтны араас гэмт хэрэгтнүүд болон уг ажиллагаанд холбогдсон бусад хүмүүс хөөцөлдөх тусам, түүний эргэн тойрны хүмүүсийн шунал, сэжиг, урвалт нэмэгдэж, Хи Жу олон талын аюул дунд татагдан орно.

Эх сурвалж: soompi

#к-драма