

Оливиа Родригогийн "GUTS" эрин албан ёсоор дуусгавар болж, бид түүний гурав дахь цомог буюу "you seem pretty sad for a girl so in love" (Дурласан охины хувьд чи дэндүү гунигтай харагдаж байна) хэмээх шинэ ертөнц рүү хөл тавьж байна. Олон сарын турш нууцлаг байсан "OR3" төслийн нэр тодорхой болсноос гадна цомгийн талаарх сонирхолтой деталь бүрийг бид багцлан хүргэж байна.
Цомгийн нэр болон хэзээ нээлтээ хийх вэ?
Оливиа 2026 оны 4-р сарын 2-нд өөрийн сошиал хуудсуудаараа дамжуулан шинэ цомгийнхоо нэр, нүүр зураг болон худалдаанд гарах хугацааг зарлалаа. Шинэ цомог 2026 оны 6-р сарын 12-нд нээлтээ хийнэ. Өмнөх "SOUR", "GUTS" цомгууд нь бүхлээрээ томоор бичигддэг байсан бол энэ удаад тэрээр жижиг үсгийн хэв маягийг сонгосон нь фенүүдийнх нь анхаарлыг татаад байна.
Цомгийн нүүр зураг дээр Оливиа цэнхэр тэнгэрийн доор савлуур дээр савлан, цайвар ягаан даашинзтай харагдах аж. Тэрээр инстаграм хуудсаа бүхэлд нь цэвэрлэж, зөвхөн энэ мэдээллийг үлдээхдээ "Би энэ цомгоороо маш их бахархаж байна. Та бүхнийг сонсоосой гэхээс тэсэн ядан хүлээж байна" хэмээн бичжээ.
Шинэ цомгийн гол "Mood" юу байх вэ?
Тэрээр фенүүддээ илгээсэн гар бичмэл захидалдаа: "Би хайрын дуу бичихийг хичнээн хичээсэн ч тэд үргэлж бага зэрэг гунигтай (melancholy) болчихдог" хэмээн дурджээ.

Мөн 2025 оны зургаадугаар сард өгсөн ярилцлагадаа энэ цомог түүний илүү төлөвшсөн (mature) талыг харуулах болно гэдгийг онцолсон юм. "Хүн болж төлөвшөөд, хөгжмийн талаар илүү их зүйл сурч, өөр өнцгөөс харж эхлэхээр тэр бүхэн дууны үгэнд тусахгүй байхын аргагүй байдаг" гэжээ.
"Pink is the new Purple" буюу нил ягаанаас ягаан руу
Оливиагийн "vibe"-ыг бид нил ягаан өнгөгүйгээр төсөөлөхөд бэрх. Гэвч энэ удаад тэрээр өөрчлөлт хийхээр шийджээ. Лос Анжелес хотын төвд байрлах нил ягаан өнгийн хана хэдхэн хоногийн дотор ягаан өнгөтэй болж хувирсан нь түүний шинэ эриний өнгө ЯГААН байх болно гэдгийг баталлаа.
Тэрээр "Vogue" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа үсээ богиносгож засуулсныхаа дараа өөрийгөө "яг л шинэ охин" шиг мэдэрч байгаагаа хуваалцсан бөгөөд энэ нь зөвхөн гадаад үзэмжийн өөрчлөлт биш, шинэ эхлэлийн дохио байсан юм.

Бид өөр юуг мэдэх хэрэгтэй вэ?
Оливиа Родригогийн шинэ эрин үнэхээр сэтгэл хөдөлгөм байх нь ээ. Ливи (Livies) нартаа зориулан түүний багийнхан цомог гарах хүртэл сонсох албан ёсны плэйлистийг ч мөн гаргасан байна.

Хэрэв та Оливиагийн үнэнч фэн бол түүний шинэчлэгдсэн вэбсайтыг сонирхоод үзээрэй. Тун удахгүй илүү их гэнэтийн бэлэг тэнд задрах байх шүү! oliviarodrigo.com
Эх сурвалж: TeenVogue.co
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!