“Super Mario Galaxy” кино нээлтийн долоо хоногтоо $372 сая орлого олж бокс оффисыг тэргүүлж эхэллээ


Д.Дөлгөөн | YOLO.MN
УРЖИГДАР

 

 

Олон улсын кино зах зээл энэ хаврын улирал идэвхжиж эхэлсний дундаас хамгийн их хүлээлттэй байсан “Super Mario Galaxy Movie” нээлтээ хийсэн долоо хоногтоо бокс оффисын рекордуудыг эвдэж эхэллээ. Марио кино нээлт нь үзэгчид дан ганц шинэ түүх биш өнгөрсөн цагийн дурсамж агуулсан танил дүрүүд дэлгэцнээ харахыг илүүд үзэж буйг бодит орлогоор баталсан хэрэг болж байна.

Universal Pictures-ийн бүтээсэн уг кино АНУ-д тав хоногийн хугацаанд $190.1 сая, амралтын 3 хоногт $130.9 сая-ын орлого олж улаан өндөгний баярын үеийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлтүүдийн нэгээр бүртгэгдсэн байна. Энэ нь зөвхөн АНУ-д бус олон улсын хэмжээнд ч хүчтэй эрэлт байгааг илтгэж байна.

Гадаад зах зээлд тус бүтээл $182.4 сая ам.долларын орлого цуглуулснаар олон улсын нийт нээлтийн орлого нь $372.5 сая-д хүрлээ. Ингэснээр уг франчайз видео тоглоомоос сэдэвлэсэн кинонуудын жагсаалтыг итгэл төгс тэргүүлж байна.

Онцлох амжилтуудыг харвал:

  • 2026 оны хамгийн өндөр орлогтой 3 хоногийн нээлт
  • Энэ оны Холливудын кинонуудын хамгийн өндөр дэлхийн нээлт
  • Хүүхэлдэйн киноны түүхэнд хамгийн өндөр орлоготой нээлтүүдийн нэг
  • Видео тоглоомоос сэдэвлэсэн бүтээлүүдийн дундаас шилдэгүүдийн эгнээнд

Киноны үйл явдал:

"Super Mario Galaxy Movie" нь өмнөх ангийн үйл явдлыг илүү өргөн цар хүрээтэй, өндөр түвшний чанартай байдлаар бүтээн үргэлжлүүлж байна. Марио, Луижи болон Гүнж Пийч нар энэ удаад мөөгний хаант улсыг бус нийт галактикийг аврах хүндхэн даалгавартай тулгарна.

Шинэ дайсан: Муу санаат Баузер энэ удаад өөрийн хүү Баузер Жр.-тэй хүч хавсран сансар огторгуйн эрчим хүчний эх үүсвэр болох "Power Stars"-ыг гартаа оруулахаар төлөвлөнө.

Домогт дүрүүд: Хөгжөөн дэмжигчдийн удаан хүлээсэн Гүнж Розалина болон түүний үнэнч туслах Лума нар гол дүрүүдэд туслахаар гарч ирэхээс гадна, үзэгчдийн хайртай дүр Yoshi анх удаа дэлгэцнээ томоохон үүрэг гүйцэтгэж байна.

Энэхүү бүтээл нь зөвхөн хүүхдүүдэд зориулсан хүүхэлдэйн кино биш видео тоглоом сонирхогч хэд хэдэн үеийнхнийг нэгтгэж чадсан соёлын томоохон үзэгдэл болж байна. Сүүлийн жилүүдэд Холливуд "видео тоглоомын эрин үе"-д шилжиж байгааг уг киноны амжилт дахин нэг санууллаа.

Эх сурвалж: Hollywood reporter

#Super Mario Galaxy