

Цас хайлж, урин дулаан цаг айлчлан ирж буй эдгээр өдрүүдэд байгаль дэлхий төдийгүй хүний сэтгэл ч даган гэгэлзэж, шинэ бүхнийг эрэлхийлдэг билээ.
Тэгвэл эдгээр өдрүүдийг хэрхэн өнгөрүүлэхээр төлөвлөж байгаа вэ? Магадгүй халуун кофе уунгаа удтал хүлээсэн цувралаа шимтэн үзэх нь хамгийн тухтай амралт болох биз ээ. Тиймээс бид энэ удаагийн нийтлэлдээ дөрөвдүгээр сард нээлтээ хийх, үзэгчдийн дунд хамгийн их хүлээлт үүсгээд буй 10 киног танилцуулж байна. Хуруу даран хүлээдэг холливудын алдарт цувралуудаас эхлээд дэлхий дахиныг байлдан дагуулж буй к-драмын бүтээлүүд болон монгол кино, анимэйшн ч бий.
ХОЛЛИВУД КИНО
“The Drama”

Нээлтийн тов: 04/03
Гол дүрд: Zendaya, Robert Pattinson
Хаанаас үзэх: Бүх кино театруудаар
Эмма, Чарли хоёр бол сүй тавьсан хосууд. Хурим болохоос хэдхэн хоногийн өмнө тэд өөрсдийнхөө хамгийн дотны хоёр хүнтэй хамт ярилцаж суухдаа амьдралдаа хийж байсан хамгийн муу зүйлээ нэгэн нэгэндээ хэлнэ. Энэ үеэр Эмма 15 настайдаа сургууль дээр хэн нэгнийг буудахаар төлөвлөж байсан тухайгаа хуваалцсанаар бүгд цочирддог. Үүнийг нь сонссон Чарли түүнтэй хурим хийх эсэхдээ бага зэрэг эргэлзэнэ. Ингээд хуримын өдөр болох хэдий ч тэдний хооронд үл ойлголцол үүссэнээр Эмма хуримаас гарч явна. Тэдний хооронд яг ямар үл ойлголцол болсон бол? Залуу хосын ээдрээт хайрын түүхийг тус бүтээлээс сонирхоорой.
“Xo, Kitty 3”

Нээлтийн тов: 04/02
Нийт анги: 8
Гол дүрд: Billie Roy, Laia Costa, May Calamawy
Хаанаас үзэх: Netflix
Китти бол төгсөх ангийн оюутан. Тэрээр сургуулиа төгсөх энэ богинохон хугацаандаа найзуудтайгаа хамтдаа илүү их дурсамж бүтээж, Солонгост байх дотны хүмүүстэйгээ уулзан, ирээдүйнхээ тухай хэд хэдэн томоохон шийдвэрийг гаргаад амжжээ. Мөн Мин Хотой ч харилцаагаа илүү дотно болгосон байна. Гэвч амьдралд нь гэнэтийн зүйлүүд гарч ирснээр Китти асуудлуудтай нүүр тулахаас өөр аргагүйд хүрнэ.
“Lee Cronin’s The Mummy”

Нээлтийн тов: 04/17
Гол дүрд: Billie Roy, Laia Costa, May Calamawy
Хаанаас үзэх: Бүх кино театруудаар
Сэтгүүлч бүсгүйн бага насны охин зэлүүд хээр газар ор сураггүй алга болж буйгаар үйл явдал эхэлнэ. Аав, ээж нь цөхрөнгөө бартал охиноо хайсан ч хаанаас олж чаддаггүй. Ингээд уг үйл явдлаас хойш найман жилийн дараа охин нь эргэн ирнэ. Гэвч алга болсон охин нь буцаж ирсэн нь ямар ч гэр бүлийнхний хувьд хамгийн том баяр байх ёстой үйл явдал хэдий ч тэдний гэр бүл огт эсрэгээрээ байлаа. Нуруу хүйт дааж, шар үс босгох аймшигт кинонд дуртай, хэн бүхэн тус бүтээлийг сонирхоорой. Танд таалагдах нь гарцаагүй.
“Michael”

Нээлтийн тов: 04/24
Гол дүрд: Jaafar Jackson, Kat Graham
Хаанаас үзэх: Бүх кино театруудаар
“Попын хаан” хочит Майкл Жэксоныг мэдэхгүй хүн байхгүй биз ээ. Хүн төрөлхтний түүхэнд ердөө 50-хан жил амьдарч, 2009 онд зуурдаар таалал төгссөн ч тэрээр өнөөг хүртэл бүх цаг үеийн хамгийн агуу уран бүтээлчдийн тэргүүн эгнээнд бичигдсээр байна. Тэгвэл удахгүй дэлгэцнээ гарах "Michael" кино нь түүний ээдрээтэй амьдрал, алдрын замналыг бүхэлд нь хүүрнэх аж.
Сонирхуулахад Майкл Жэксоны дүрд түүний төрсөн ах Жермейн Жэксоны хүү буюу Майклын төрсөн зээ дүү Жаафар Жэксон тоглож буй гэдгээрээ онцлогтой. Тэрээр авга ахтайгаа гайхалтай адилхан харагддаг төдийгүй бүжиг, дуулалтын хувьд маш төстэй гэнэ.
“Mother Mary”

Нээлтийн тов: 04/17
Гол дүрд: Anne Hathaway, Michaela Coel, Hunter Schafer
Хаанаас үзэх: Netflix
Энэхүү кино нь поп дуучин Мэри болон хувцас загвар зохион бүтээгч Сэм нарын ээдрээт харилцааны түүхийг өгүүлнэ. Тэд үй зайгүй дотно найзууд байсан хэдий ч тэрхүү үйл явдлаас хойш хамтдаа байхаа больжээ. Ингээд нэлээдгүй хугацааны дараа Мэри аялан тоглолтдоо зориулан даашинз шинээр хийлгэх хэрэгтэй болсноор тэд дахин уулзана. Тэдний хооронд яг юу болсон бол?
К-ДРАМА
“Perfect Crown”

Нээлтийн тов: 04/10
Нийт анги: 12
Гол дүрд: IU, Byeon Woo Seok
Уг бүтээлийн үйл явдал 21-р зууны Өмнөд Солонгос улс үндсэн хуульт хаант засаглалтай байгаагаар үйл явдал өрнөх юм.
Сон Хи Жү бол улсынхаа хамгийн том корпорацын гэр бүлийн охин. Тэрээр гоо үзэсгэлэн, оюун ухаан гээд бараг л бүхий л зүйл нь төгс, туйлын өрсөлдөх чадвартай нэгэн. Тэрээр чинээлэг айлын охин хэдий ч хааны удмын хүн биш гэдгээс болж амьдралд нь бэрхшээлүүд тулгарч эхэлнэ. Тиймээс Сон Хи Жү хааны удмын хоёр дахь хүү, ханхүү Иантай харилцаа үүсгэнэ. Гэсэн хэдий ч ханхүү түүний төсөөлснөөс тэс өөр хүн байлаа.
“Yumi’s Cells 3”

Нээлтийн тов: 04/13
Нийт анги: 8
Гол дүрд: Kim Go Eun, Kim Jae Won
Тус цувралд Ю Ми ажлаасаа гарч, нэр хүндтэй зохиолч болсон байгаагаар үйл явдал өрнөнө. Өмнө нь түүнийг “Хайрын эсүүд” удирддаг байсан бол одоо “Зохиолч эсүүд” удирдах болжээ. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам тэрээр ажлаасаа залхаж, эсүүд нь ч гэсэн унтаа байдалд орон, амьдрал нь утгагүй санагдаж эхэлнэ. Гэвч санамсаргүй тохиолоор Сун Рок гэх өөрөөсөө дүү залуутай учирснаар түүний хайрын эсүүд эргэн ирнэ. Ю Ми болон түүний эсүүд энэ удаад хэрхэн хөглөх бол?
“We Are All Trying Here”

Нээлтийн тов: 04/18
Нийт анги: 12
Гол дүрд: Go Youn-jung, Koo Kyo-hwan
Энэхүү бүтээл нь амжилттай найз нөхдөдөө хүрээлүүлэн амьдарч байгаа Хван Дон Ман гэх залуугийн ээдрээт түүхийг өгүүлнэ. Тэрээр амжилттай найруулагч болохыг хүсдэг хэдий ч салбартаа төдийлөн амжилт гаргаж чадахгүй л байв. Найзууд нь бүгд л салбар бүрдээ амжилттай нэгэн шиг санагдах бөгөөд өдөр бүр өөртөө гутран амьдарна.
АНИМЭЙШН
“The Super Mario Galaxy Movie”

Нээлтийн тов: 04/01
Гол дүрд: Brie Larson, Chris Pratt, Benny Safdie
Хаанаас үзэх: Бүх кино театруудаар
Нээлтээ хийсэн даруйдаа тэрбум гаруй ам.долларын орлого олж, дэлхий дахиныг шуугиулсан 'The Super Mario Bros. Movie' киноны дараагийн анги энэ сард үзэгчдийн хүртээл болж байна. Эл ангид илүү олон шинэ дүр, нууцлан, сонирхолтой үйл явдлаар дүүрэн байх гэнэ. Үйл явдлын тухайд Марио болон түүний баг дахин шинэ адал явдалтай учирч, тэрхүү хэцүү саадыг хэрхэн даван туулж буйг дүрслэн харуулах аж.
МОНГОЛ КИНО
“Амьдралд Хайртай”

Нээлтийн тов: 04/10
Гол дүрд: Г.Золзаяа, Х.Цасчихэр, Г.Чулуунцэцэг
Хаанаас үзэх: Бүх кино театруудаар
Хүүхдээ алдсан аймшигт өдрөөс хойш Сараа өөрийгөө уучилж чадалгүй архинд орж, амьдралаас зугтан амьдарна. Харин нөхөр Баатар өнгөрсөн алдаандаа өөрийгөө буруутган, түүнийг орхиж чадалгүй хажууд нь байх ажээ. Гэвч олон жилийн дараа Баатарын эртний найз Номин гарч ирснээр, тэдний амьдрал хэцүүхэн үетэй тулгарна.
Эх сурвалж: MyDramaList, Urgoo Cinema, Rotten Tomatoes
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!